29 дугаар зүйл. Тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх
29.1.Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц сантай байна.
29.2.Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан нэрийн дансны эцсийн үлдэгдлийг дараах эх үүсвэрээс мөнгөжүүлнэ:
29.2.1.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.6-д заасан улсын төсөвт шилжүүлсэн орлогоос Засгийн газрын тогтоосон хэмжээгээр;
29.2.2.улсын төсвөөс олгох бусад орлого.
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан тэтгэврийн нөөц сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
29.3.1.энэ хуулийн 18.1-д заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний ажил олгогчийн 1.0, даатгуулагчийн 1.0, нийт 2.0 хувийн, энэ хуулийн 18.3-т заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний 2.0 хувийн шимтгэлийн орлого;
29.3.2.энэ хуулийн 29.2-т заасан мөнгөжүүлсэн орлого.
29.4.Энэ хуулийн 29.3-т заасан орлогыг даатгуулагч бүрээр хуваарилж, тэтгэврийн нөөц сангийн дансанд байршуулна.
29.5.Тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг түүний саналд үндэслэн доор дурдсанаар хөрөнгө оруулж болно:
29.5.1.энэ хуулийн 13.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд;
29.5.2.тухайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд.
29.6.Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.
29.7.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож, үлдэгдлийг энэ хуулийн 29.8-д заасан журмын дагуу өвлүүлнэ.
29.8.Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.