28 дугаар зүйл. Нэрийн дансны орлогыг бүртгэх тусгай нөхцөл

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Нэрийн дансны орлогыг бүртгэх тусгай нөхцөл

28.1.Албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг түүний сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас даатгуулагч, ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь бүртгэж, хүү тооцно.

28.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн 1995 оноос өмнө цэргийн алба хаасан хугацаанд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр дараах орлогоос тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ:

28.2.1.цэргийн алба хаасан хугацаанд авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн орлогоос;

28.2.2.холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцох хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.

28.3.Энэ хуулийн 23.1.4-т заасан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ.

28.4.Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.