4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ажил олгогч" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

4.1.2."даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.3."итгэлцүүр" гэж өмнөх үеийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор тогтоосон илэрхийллийг;

4.1.4."мөнгөжүүлсэн орлого" гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг;

4.1.5."нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг;

4.1.6."нийгмийн даатгалын байгууллага" гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

4.1.7."нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн мэдээлэл, цалин хөлсний сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл, олгосон тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, хадгалсан цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;

4.1.8."нийгмийн даатгалын сан" гэж тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зорилгоор ажил олгогчийн цалин хөлсний сан, даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4.1.9."нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл" гэж нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн эцсийн үлдэгдлээс 2 сарын хугацааны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал болон ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээг хасаж тооцсон үлдэгдэл мөнгөн хөрөнгийг;

4.1.10."нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг;

4.1.11."нийгмийн даатгалын шимтгэл төлөгч" гэж энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүрэг хүлээсэн даатгуулагч, ажил олгогч, төр, хуулийн этгээдийг;

4.1.12."тоон гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасныг;

4.1.13."тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

4.1.14."тэтгэвэр авагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг;

4.1.15."тэтгэврийн даатгалын нэрийн данс" гэж даатгуулагчийн гарааны үлдэгдэл, төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл, тооцсон хүү, мөнгөжүүлсэн орлого, олгосон тэтгэвэр зэрэг орлого, зарлагыг нэгтгэн тооцсон даатгуулагч бүрийн бүртгэлийг;

4.1.16."тэтгэмж" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;

4.1.17."цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг;

4.1.18."цахим гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;

4.1.19."эрүүл мэндийн магадлал" гэж даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, хувь, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, хяналт тавих мэргэжлийн үйл ажиллагааг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.