44 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1.Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:
44.1.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;
44.1.2.төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;
44.1.3.тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна;
44.1.4.тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгож, даатгуулагчийг хохироосон бол дутуу тооцсон хөдөлмөрийн хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс дутуу тооцсоноос хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна.
44.2.Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ.
44.3.Банк тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг хугацаанд нь олгоогүй бол олговол зохих дүнгээс саатуулсан хоног тутамд тухайн үйлчлүүлдэг банкны иргэдийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцсон алдангийг ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр, төлбөр авагчид төлнө.
44.4.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсхүл хууль бусаар ашиглаж орлого олсон бол хууль бусаар олсон орлого, учруулсан хохирлыг нийгмийн даатгалын санд буруутай этгээдээр төлүүлнэ.
44.5.Энэ хуулийн 7.7-д заасан даатгуулагч энэ хууль болон нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол энэ хуулийн 44.1.2, 44.1.3-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
44.6.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хугацааг үндэслэлгүйгээр тогтоосон, хугацааг сунгасан, хууль бусаар бусдад нөлөөлсөн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлнэ.
44.7.Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид алданги тооцох, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.
Тайлбар: Энэ хуулийн 44.1.3-т заасан "тооцооны алдаа" гэдэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайланд залруулга хийх, даатгуулагчийн төрлийг өөрчлөн засах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцох зэрэг хамаарна.
44.8.Энэ хуулийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
44.9.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.