7 дугаар зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
7.1.Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
7.2.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна:
7.2.1.өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан;
7.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар, Монгол Улсад байрладаггүй өөрийн төлөөний газраар дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;
7.2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;
7.2.4.нэг ба түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа энэ хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т заасан ажилтан;
7.2.5.хууль бусаар ажлаас халагдсан хүн;
7.2.6.хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хүн.
7.3.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна:
7.3.1.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
7.3.2.бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажиллахаар томилогдсон Монгол Улсын иргэн;
7.3.3.хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн;
7.3.4.ажил олгогч, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч.
7.4.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна:
7.4.1.улсын хил дээр алба хааж, ажиллаж байгаа офицер, ахлагчийн болон гаалийн улсын байцаагчийн хөдөлмөр эрхлээгүй нөхөр, эхнэр;
7.4.2.зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч өөр аймаг, хот, суурин газарт шилжин ажилласны улмаас түүний хөдөлмөр эрхлээгүй байгаа нөхөр, эхнэр;
7.4.3.шашны байгууллагын лам, санваартан;
7.4.4.ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч;
7.4.5.гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хөдөлмөрийн гэрээтэй ажилтан эх, эсхүл эцэг, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч эх, эсхүл эцэг;
7.4.6.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны хөдөлмөр эрхлээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй нөхөр, эхнэр;
7.4.7.гамшгаас хамгаалах болон бусад дайчилгаагаар ажилласан хүн;
7.4.8.цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан;
7.4.9.хугацаат цэргийн алба хаагч;
7.4.10.өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан.
7.5.Энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна:
7.5.1.үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан;
Тайлбар: "үндсэн ажил" гэж хэд хэдэн ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллах тохиолдолд долоо хоногийн ажлын цагийн ихэнхийг зарцуулж байгаа, эсхүл ажлын цагийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй бол цаг хугацааны хувьд эхэлж гэрээ байгуулсан ажил, албан тушаалыг.
7.5.2.хөдөлмөр эрхлээгүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч.
7.6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн энэ хуулийн 7.3.4-т заасан тэтгэвэр авагч өөрөө хүсвэл энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.
7.7.Энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д зааснаас бусад хүн энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд сайн дураар даатгуулж болно.
7.8.Энэ хуулийн 7.3.4-т зааснаас бусад тэтгэвэр авагч сайн дураар даатгуулахгүй.
7.9.Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй.
7.10.Даатгуулагч сайн дураар даатгуулсан хугацаанд энэ хуулийн 19.1.2-т заасан гэрээгээр ажил гүйцэтгэсэн бол энэ хуулийн 7.9 дэх хэсэг хамаарахгүй.