20 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох
20.1.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.
20.2.Даатгуулагч 5 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг түүний шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.
20.3.Цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ.
20.4.Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
20.5.Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэврийн хэмжээг үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг баримтлан бодно.
20.6.Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.7.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.