7 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх, хэмжээ, олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох нөхцөл
7.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гишүүнийг тогтооход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16.1-д заасныг баримтална.
7.3.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос дараах хувь хэмжээгээр тогтооно:
Хөдөлмөрийн чадваргүй гишүүний тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ 1. 3 ба түүнээс дээш 100 2. 2 75 3. 1 50
7.4.Даатгуулагчийн сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг энэ хуулийн 5.4-т заасны дагуу тодорхойлно.
7.5.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно.
7.6.Энэ хуулийн 7.5-д заасны дагуу тогтоосон тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүний хүсэлтээр гишүүн бүрд тэнцүү хэмжээгээр хуваан олгож болно.
7.7.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд 19 нас хүртэл, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал олгоно.
7.8.Даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгож болно.