9 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа

9.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

9.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан түүний сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 100 хувиар тооцно.

9.3.Даатгуулагчийн тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг доор дурдсанаар тодорхойлно:

9.3.1.даатгуулагч 3 сар ба түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол түүний хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх 3 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 3-т хуваасан хэмжээгээр;

9.3.2.даатгуулагч 3 сараас доош хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол түүний хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх шимтгэл төлсөн нийт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд хуваасан хэмжээгээр;

9.3.3.даатгуулагч 1 сараас доош хугацаанд ажиллаж байх үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол ажилд томилсон шийдвэрээр тогтоосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээр.

9.4.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

9.5.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно.

9.6.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.

9.7.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ерөнхий эмч, их эмч, эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс тогтоож, эмнэлгийн хуудас олгоно.

9.8.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид тухайн тэтгэвэр тогтоолгосон өвчний оношоор хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг давхардуулан олгохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.