11 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж олгох
11.1.Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно.
11.2.Ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.
11.3.Даатгуулагч энэ хуулийн 14.1.3-т заасан хугацаанаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт, ажил идэвхтэй хайж байгаа тухай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын тодорхойлолт болон холбогдох баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн бол уг хугацаанаас хоцроосон ажлын өдрийг энэ хуулийн 11.1-д заасан өдрөөс хасаж тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
11.4.Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлснээс хойш 5 сарын дотор ажлаас дахин чөлөөлөгдсөн бол анх тогтоосон ажилгүйдлийн тэтгэмжээс олгогдоогүй үлдсэн тэтгэмжийг олгоно.
11.5.Нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн арилжааны банкан дахь дансаар дамжуулан сар бүр олгоно.