5 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

5.1.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний таван өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.

5.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.

5.3.Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.

5.4.Хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс хэтрэхгүй байна.

5.5.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ерөнхий эмч, их эмч, эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс тогтоож, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгоно.

5.6.Эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

5.7.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид тэтгэвэр тогтоолгосон тухайн өвчний оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохгүй.

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.