21 дугаар зүйл. Агаарын хөлгийн дарга, түүний бүрэн эрх

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Агаарын хөлгийн дарга, түүний бүрэн эрх

21.1.Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлага хангасан нисгэгчийг агаарын хөлгийн даргаар томилно.

21.2.Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдлыг хангах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүд болон зорчигчид шаардлага тавьж, биелэлтийг хангуулах бөгөөд нислэгтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргана.

21.3.Агаарын хөлгийн дарга дараах онцгой нөхцөлд Иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргах эрхтэй:

21.3.1.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул тулгарсан;

21.3.2.нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлийг зохицуулах шаардлагатай болсон.

21.4.Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргаж болно.

21.5.Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.