17 дугаар зүйл. Улс төрийн намын удирдах байгууллага

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Улс төрийн намын удирдах байгууллага

17.1.Намын гишүүдийн, эсхүл тэдгээрийн төлөөлөгчдийн хурал нь намын удирдах дээд байгууллага мөн бөгөөдтүүнийг дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа хуралдуулна.

17.2.Намын удирдах дээд байгууллага дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

17.2.1.намын дүрэм, хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

17.2.2.намын төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эсхүл батламжлах, хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эдгээр байгууллагын тайланг дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа хэлэлцэх;

17.2.3.намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;

17.2.4.намын дүрэмд заасан бусад асуудал.

17.3.Нам нь намын удирдах дээд байгууллагын чөлөө цагт ажиллах намын төлөөллийн төв байгууллагатай байх бөгөөд түүнийг жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна.

17.4.Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна.

17.5.Намын дүрэмд заасны дагуу намын удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага нь намын гүйцэтгэх төв байгууллагыг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгоно. Гүйцэтгэх төв байгууллага нь гурваас доошгүй тооны гишүүнтэй байна.

17.6.Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно.

17.7.Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.