28 дугаар зүйл. Төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах

28.1.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд төрийн санхүүжилт авах зорилгоор уг санхүүжилтийн хэмжээг тогтоолгох, санхүүжилт авах тухай хүсэлтээ нам тухайн жилийн өмнөх жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн төв байгууллагад гаргана. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хугацаанд хүсэлт гаргаагүй бол сонгуулийн төв байгууллага энэ тухай сануулж, долоо хоногийн дотор хүсэлт гаргах боломж олгоно.

28.2.Намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан энэ хуулийн 28.1-д заасан хүсэлтийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу гаргана. Энэ маягтад намын шуудангийн хаяг, намын дансны дугаар зэрэг мэдээллийг бичихээр тусгана.

28.3.Намын төв байгууллага нь нийт намыг төлөөлж нэгдсэн хүсэлт гаргана.

28.4.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн өмнөх онд сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан бол төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд нам шинээр хүсэлт гаргах шаардлагагүй. Төрийн санхүүжилтийн хэмжээнд нөлөөлөх өөрчлөлт гарсан бол сонгуулийн төв байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд энэ талаар цаг тухайд нь мэдэгдээгүйн үр дагаврыг нам хариуцна.

28.5.Нам энэ хуулийн 27.5-д заасны дагуу үүссэн эрхээсээ татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн намд олговол зохих төрийн санхүүжилт улсын төсөвт үлдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.