29 дугаар зүйл. Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох
29.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан шийдвэрийн дагуу олгох санхүүжилтийг дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр олгоно.
29.3.Сонгуулийн төв байгууллага нь намаас энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж ирүүлсэн санхүүгийн тайланг үндэслэн энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг баримтлан төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож олгоно.
29.4.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно.
29.5.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэс нь төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилээс өмнө хамгийн сүүлд явагдсан Улсын Их Хурлын сонгуулиар авсан хүчинтэй саналын тоо болон энэ хуулийн 27.5-д заасан бусад үзүүлэлт байна.
29.6.Энэ хуулийн 37.2-т заасан хугацаанд хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлээгүй бол энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг тухайн намд дараагийн жилд олгохгүй.
29.7.Санхүүгийн тайлангаа энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан бүтэц, хэлбэрээр 38.10-т заасан аудитын дүгнэлтийн хамт тогтоосон хугацаанд ирүүлбэл хугацаа баримталсанд тооцно.
29.8.Бусад намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээ, олголт нь тухайн нэг намын үйлдлээс шалтгаалан өөрчлөгдөхгүй.
29.9.Энэ хуулийн 27.8-д заасан хязгаарыг тооцоолоход тайлант жилд авч, санхүүгийн тайланд тусгасан намын орлогын хэмжээг энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4-т үндэслэнэ.
29.10.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо эхлээд нам бүрээр энэ хуулийн 27.8-д заасан хязгаарыг, дараа нь энэ хуулийн 27.1-д заасан хязгаарыг баримтална. Төрийн санхүүжилт энэ хуулийн 27.1-д заасан хязгаараас хэтрэх тооцоо гарсан бол уг хязгаартай тэнцүү санхүүжилтийг намуудад ногдох хувь хэмжээгээр нь олгоно.
29.11.Төрийн санхүүжилтийг хуваарилахад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөхгүй.