3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."намын гишүүн" гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг;
3.1.2."намын гишүүнээс түдгэлзэх" гэж намын гишүүний эрхгүй, намын гишүүний, эсхүл намын дэмжигчийн хувиар намын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг;
3.1.3."намын дэмжигч" гэж намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэнийг;
3.1.4."намын сонгуулийн мөрийн хөтөлбөр" гэж намын хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг;
3.1.5."намын санхүүгийн тайлан" гэж тайлант хугацаанд намаас энэ хуульд заасны дагуу гаргасан болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан тайлангийн цахим болон хэвлэмэл мэдээллийн бүрдлийг;
3.1.6."намын харьяа байгууллага" гэж намын зорилго, зорилтыг биелүүлэх хүрээнд намын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг, эсхүл намын үйл ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан, намтай холбоотой сан, холбоо болон төрийн бус байгууллагыг;
3.1.7."намын хөтөлбөр" гэж намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг;
3.1.8."сонгуульт гишүүн" гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон, томилогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон намын гишүүнийг;
3.1.9."төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг" гэж энэ хуульд заасан нөхцөлийг хангасан намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг;
3.1.10."төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг" гэж төрөөс намд олгож байгаа мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг;
3.1.11."төрийн санхүүжилт" гэж нам чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулж, санхүүжилтийн зохих хэсэгт нь төрөөс мөнгөн хэлбэрээр олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг;
3.1.12."төрийн санхүүжилтийн эрх үүсэх жил" гэж Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус сонгуулийн дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх жилийг;
3.1.13."хандив" гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг.