43 дугаар зүйл. Тайланг нийтэд мэдээлэх

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Тайланг нийтэд мэдээлэх

43.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 05 дугаар сард багтаан намуудын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг нэгтгэж, Улсын Их Хуралд мэдээлэх бөгөөд өөрийн цахим хуудсанд байршуулж, тухай бүр эмхэтгэж хэвлэн нийтэлнэ.

43.2.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 05 дугаар сард багтаан намуудын орлого, зарлага, хөрөнгийн байдлын талаар харьцуулсан товч мэдээлэл бэлтгэж, өөрийн цахим хуудсанд байршуулж, тухай бүр эмхэтгэж хэвлэн нийтэлнэ.

43.3.Энэ хуулийн 39.6-д заасны дагуу алдаа, зөрчлийг арилган шинэчилсэн тайланг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нийтэлж, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд байршуулна.

43.4.Нам санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй намын тухайд өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй.

43.5.Энэ хуулийн 43.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан тайланг 10 жилийн хугацаанд устгахыг хориглоно.

43.6.Намын тайланг энэ хуулийн 43.4-т заасны дагуу нийтэд мэдээлсний дараа санхүүгийн тайланд зөрчил илэрсэн бол залруулгыг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх, өөрийн цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх 14 хоногийн хугацааг сонгуулийн төв байгууллагаас тухайн намд өгнө.

43.7.Намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, харьцуулсан товч мэдээллийг энэ хуулийн 43.1, 43.2, 43.4-т заасны дагуу цахим хуудсанд бүхэлд нь татаж авах, хайлт хийх боломжтойгоор байршуулна.

43.8.Намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, харьцуулсан товч мэдээллийг нийтлэхдээ хандивлагч иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, оршин байгаа аймаг, сум, багийн, эсхүл нийслэл, дүүрэг, хорооны нэр, дугаарыг нийтэлнэ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.