25 дугаар зүйл. Тендерийн талаар тодруулга авах
25.1.Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.
25.2.Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.
25.3.Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй.
25.4.Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй.
25.5.Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй.
25.6.Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан захиалагчийн хүсэлт, түүний хариуг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.