26 дугаар зүйл. Тендер хянан үзэх
26.1.Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.
26.2.Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.
26.3.Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.
26.4.Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:
26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;
26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;
26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;
26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.
26.5.Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно.
26.6.Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
26.7.Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ:
26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй;
26.7.2.захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй;
26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх.
26.8.Энэ хуулийн 12.5-д зааснаар "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ.
26.9.Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.
26.10.Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:
26.10.1.тендерийн үнэ төсөвт өртгөөс, эсхүл энэ хуулийн 10.11-д заасан болон ерөнхий гэрээний нэгж дээд үнээс хэтэрсэн;
26.10.2.энэ хуулийн 8.1-д заасны дагуу зохион байгуулсан дотоодын барааны багцад импортын бараа санал болгосон;
26.10.3.тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй;
26.10.4.бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд энэ хуулийн 21.5-д заасан холбогдох тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн.