27 дугаар зүйл. Тендер үнэлэх

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Тендер үнэлэх

27.1.Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.

27.2.Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно:

27.2.1.үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;

27.2.2.тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар гадаад валютаар ирүүлсэн тендерийн үнийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тооцож хөрвүүлэх;

27.2.3.давуу эрх олгож харьцуулах үнийг хийсвэрээр бууруулах;

27.2.4.энэ хуулийн 11.5-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.

27.3.Үнэлж байгаа тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана.

27.4.Оролцогч энэ хуулийн 27.3-т заасан мэдэгдлийн дагуу арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн бол залруулсан үнийг энэ хуулийн 27.2-т зааснаар үнэлнэ.

27.5.Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.

27.6.Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.7.Хоёр ба түүнээс дээш тооны тендерийн харьцуулах үнэ, эсхүл оноо тэнцүү бол хугацааны хувьд цахим системд түрүүлж ирсэн тендерийг эхэнд эрэмбэлнэ.

27.8.Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хамгийн сайн тендерийн хувилбарт саналыг хянан үзэж, уг саналын харьцуулах үнэ тендерийн харьцуулах үнээс ихгүй бол сонгож болно.

27.9.Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална.

27.10.Хэд хэдэн багцад шалгарсан оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад аль нэг багцад шаардлага хангахгүй бол түүний чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгоно.

27.11.Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчдод ерөнхий гэрээ байгуулах эрх олгоно.

27.12.Захиалагч тендерийн харьцуулах үнийг хийсвэрээр тооцсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

27.13.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлөөр гэрээний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад бүх зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.

27.14.Оролцогч чадавхын болон туршлагын шаардлагыг давуулан хангах нь түүний тендерт давуу байдал олгох үндэслэл болохгүй.

27.15.Энэ хуулийн 10.11-д заасан тендер шалгаруулалт болон ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 27.2-т заасныг баримтлахгүй.

27.16.Тендер үнэлэх, давуу эрх олгох, ашиглалтын хугацааны өртөг, чанар ба үнийн оноо тооцох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.