30 дугаар зүйл. Гэрээ байгуулах

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Гэрээ байгуулах

30.1.Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.

30.2.Захиалагч доор дурдсан тохиолдолд энэ хуулийн 30.1-д заасан хугацааны дараа гэрээ байгуулах хугацааг баримтлахгүй байж болно:

30.2.1.тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлж шалгарсан;

30.2.2.энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах;

30.2.3.ерөнхий гэрээ байгуулах, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах.

30.3.Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:

30.3.1.энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн;

30.3.2.энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон.

30.4.Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно.

30.5.Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй.

30.6.Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно.

30.7.Энэ хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулсан бол холбогдох зээл, тусламжийн гэрээ байгуулагдах хүртэл худалдан авах гэрээ байгуулахыг хориглоно.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН АРГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.