52 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны үүрэг

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны үүрэг

52.1.Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, тендер хянан үзэх, үнэлэх, хяналт тавих, тайлагнах, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа, түүнчлэн албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг тус тус мэдэгдэх үүргийг хүлээнэ.

52.2.Энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан энэ хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.

52.3.Захиалагч, түүнийг төлөөлөх аливаа этгээд худалдан авах ажиллагаанд холбогдох асуудлаар сонирхогч этгээд, оролцогч, тэдгээрийн төлөөлөлтэй хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр харилцана.

52.4.Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно.

52.5.Энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан дараах үүргийн аль нэгийг хэрэгжүүлээгүй нь түүнийг тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээс чөлөөлж, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно:

52.5.1.ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд захиалагчид мэдэгдээгүй, эсхүл худал мэдүүлсэн;

52.5.2.ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар гаргаагүй, эсхүл худал мэдүүлсэн;

52.5.3.худалдан авах ажиллагаанд холбогдох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.