54 дугаар зүйл. Бүртгэлийн тогтолцоо
54.1.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системээр дараах бүртгэлийг хөтөлнө:
54.1.1.захиалагч;
54.1.2.худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч;
54.1.3.худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан;
54.1.4.бараа, ажил, үйлчилгээний каталог.
54.2.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 54.1-д заасан бүртгэлийг цахим системд нээлттэй байршуулна.
54.3.Захиалагч цахим системд бүртгүүлснээр худалдан авах ажиллагаа зохион байгуулна.
54.4.Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлж, тус системд холбогдсон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сангаас оролцож байгаа тендер шалгаруулалттай холбоотойгоор түүний мэдээллийг цахим системээр харилцан дамжуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
54.5.Цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага, энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг оруулан өөрийн хувийн бүртгэлийг үүсгэнэ.
54.6.Аж ахуй эрхлэгчийн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон захиалагч баталгаажуулснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системд бүртгэнэ.
54.7.Аж ахуй эрхлэгч цахим систем дэх өөрийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд шинэчлэх үүрэгтэй ба мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
54.8.Захиалагч энэ хуульд зааснаар хүргүүлэх урилгыг тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгчид нэгэн зэрэг илгээнэ.
54.9.Энэ хуулийн 54.8-д зааснаар урилга хүргүүлсэн нь урилга хүлээн авсан этгээдэд давуу байдал олгох, энэ хуульд заагаагүй бол бусад сонирхогч этгээд тендер ирүүлэхийг хориглох үндэслэл болохгүй.
54.10.Энэ хуулийн 54.1-д зааснаар бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.