59 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

59.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна.

59.2.Энэ хуулийн 30.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах доод хугацааг мөрдөлгүй гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэрийг мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлахгүй.

59.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна.

59.4.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байна.

59.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.

59.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.

59.7.Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа зогсоно.

59.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ.

59.9.Захиалагч гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн байршуулах үүргийг хүлээнэ.

59.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагагомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:

59.10.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;

59.10.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах;

59.10.3.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах.

59.11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзан буцааж болно.

59.12.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг сар бүр цахим системд нийтэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.