58 дугаар зүйл. Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах
58.1.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна.
58.2.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.
58.3.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана.
58.4.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гомдлын үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
58.5.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
58.5.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
58.5.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах.
58.6.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдол шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг сар бүр цахим системд нийтэлнэ.