8 дугаар зүйл. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох

8.1.Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрээс худалдан авахаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан барааны нэр, төрлийн жагсаалтыг эдийн засаг, хөгжлийн, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, Засгийн газар батална.

8.3.Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.

8.4.Оролцогч энэ хуулийн 8.2-т зааснаас бусад дараах нөхцөлийн аль нэгийг хангасан дотоодын бараа санал болговол давуу эрх олгоно:

8.4.1.хог хаягдлыг дахин боловсруулсан;

8.4.2.хэрэглээний хог хаягдлыг дахин ашиглах, эсхүл боловсруулахаар эргүүлэн авах санал ирүүлсэн;

8.4.3.нийслэл, дүүрэг болон улсын зэрэглэлтэй хотоос бусад харьяалалтай орон нутагт үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, материалыг ашиглан үйлдвэрлэсэн;

8.4.4.Инновацийн тухай хуулийн 3.1.4-т заасан инновацийн бүтээгдэхүүн;

8.4.5.ажиллах хүчний 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй эрхлэгч үйлдвэрлэсэн.

8.5.Оролцогч ажил гүйцэтгэхэд дотоодын бараа ашиглахаар санал болговол давуу эрх олгоно.

8.6.Энэ хуулийн 8.4, 8.5-д зааснаар давуу эрх олгоход дотоодын барааны хэсгийн үнийн 10 хувиар, энэ хуулийн 8.4-т заасан оролцогч нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол дотоодын барааны хэсгийн үнийн 15 хувиар тендерийн үнээс хийсвэрээр бууруулж тооцно.

8.7.Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад дараах давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцно:

8.7.1.нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотоос бусад харьяалалтай орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зарласан тендер шалгаруулалтад оролцогч сүүлийн хоёроос доошгүй жилийн хугацаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон бол түүний тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн таван хувиар;

8.7.2.эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-иас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.

8.8.Энэ хуулийн 8.1-д заасан бараа худалдан авах болон бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад давуу эрх олгохгүй.

8.9.Энэ хуульд зааснаар давуу эрх тооцоход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.