10 дугаар зүйл. Нохой, муурыг бүртгэлд хамруулах, бичил чип суулгах

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Нохой, муурыг бүртгэлд хамруулах, бичил чип суулгах

10.1.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нь доор дурдсан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ:

10.1.1.нохой, муурыг төрснөөс хойш 50 хоногийн дотор;

10.1.2.бичил чип суулгаагүй нохой, муурыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор.

10.2.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч дараах тохиолдолд 30 хоногийн дотор харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, нохой, муурын нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулна:

10.2.1.бичил чип суулгасан, нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нохой, муурыг шилжүүлж авсан;

10.2.2.нохой, муур үхсэн.

10.3.Нохой, муур үржүүлэгч нь үржлийн нохой, муур болон түүний үр төлийг хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлнэ.

10.4.Нохой, муурын хаягийн бүртгэл нь асран хамгаалагчийн байнга оршин суугаа газрын хаягаар, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах байрны оршин байгаа газрын хаягаар тус тус тодорхойлогдоно.

10.5.Нохой, муурын бичил чип нь дахин давтагдашгүй дугаар бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан байна.

10.6.Нохой, муурын бичил чипний стандартыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

10.7.Энэ хуулийн 30.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд дараах асуудлыг тусгана:

10.7.1.бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл;

10.7.2.нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл;

10.7.3.нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл;

10.7.4.алдагдсан нохой, муурын бүртгэл.

10.8.Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.