3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."асран хамгаалагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах болон нохой, муурыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг;
3.1.2."бичил чип" гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;
3.1.3."гэрийн тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг;
3.1.4."Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж" гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг;
3.1.5."нохой, муур үржүүлэх" гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг;
3.1.6."нохой, муур үржүүлэгч" гэж энэ хуульд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг;
3.1.7."нохой, муурын нэгдсэн бүртгэл" гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.8."нохойны удмын бичиг" гэж олон улсын байгууллагын албан ёсны гишүүн байгууллагаас олгодог тухайн нохойны гарал үүсэл, эцэг, эх, төрөлт, төрсөн он, сар, өдөр, хүйс, үүлдэр зэргийг заасан баримт бичгийг;
3.1.9."түр харагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг өөрийн хараа хяналтад байлгаж байгаа асран хамгаалагчаас бусад иргэнийг;
3.1.10."түр байрлуулан асрамжлах газар" гэж төөрсөн, олдсон нохой, муурыг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх хүртэл, эзэнгүй нохой, муурыг асран хамгаалагчтай болгох хүртэл хоол, орон байраар хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан түр хараа хяналтдаа байлгах зорилгоор энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
3.1.11."үржил хязгаарлах мэс ажилбар" гэж мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гэрийн тэжээвэр амьтныг хөнгөлөх, сав, өндгөвчийг авах, үр тогтсон үед савыг үр хөврөлтэй нь авах мэс ажилбарыг;
3.1.12."эзэнгүй амьтан" гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтаас гадуурх гэрийн тэжээвэр амьтныг.