8 дугаар зүйл. Асран хамгаалагч, түр харагчийн эрх
8.1.Асран хамгаалагч дараах эрх эдэлнэ:
8.1.1.бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах;
8.1.2.гэрийн тэжээвэр амьтныг худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэх;
8.1.3.гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх;
8.1.4.хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих;
8.1.5.гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах.
8.2.Түр харагч энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад асран хамгаалагчийн эрхийг эдэлнэ.
8.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.12-т заасан хөтөч нохойтойгоо олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбай болон олон нийтийн үйлчилгээний газар чөлөөтэй зорчих, нэвтрэх, үйлчлүүлэх эрхтэй.