12 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн тогтвортой байдал
12.1.Баялгийн сангийн төсөв нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
12.2.Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
12.3.Төрөлжсөн сан хооронд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно.
12.4.Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд ажиллана.
12.5.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшинэ.
12.6.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгө оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана.
12.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ.
12.8.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээд нь дүрэмд заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно.
12.9.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд төвлөрүүлнэ.
12.10.Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас энэ хуулийн 11.1.2-т зааснаар хуваарилаад үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ