10 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа

10.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын алба, гишүүдээс бүрдэнэ.

10.2.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрх, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын алба, дэд зөвлөлийн нийтлэг дүрэм, тэдгээрийн эрх зүйн байдал, гишүүдийн эрх, үүрэг, бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах, саналын эрхийг тогтоох, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад харилцааг мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр тогтооно.

10.3.Мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд тухайн салбарын онцлогоос хамаарсан үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр дагнасан дэд зөвлөл ажиллаж болно. Дэд зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар батална.

10.4.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд болон бусад албан тушаалтан энэ хуулийн 12.1.10-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн, тухайн салбарын болон мэргэжлийн эрх ашгийг хөндсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан бол хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, тухайн албан тушаалтныг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

10.5.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ажлын албатай байж болно.

10.6.Мэргэжлийн нэгдсэн холбоо орон нутаг болон гадаад улсад салбар, төлөөлөгчийн газартай байж болно.

10.7.Мэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

10.8.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь банканд өөрийн нэр дээр данстай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.