6 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт
6.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. /Энэ хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
6.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхийн баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд уг холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна:
6.2.1.хүсэлт гаргасан он, сар, өдөр;
6.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны нэр;
6.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны хаяг;
6.2.4.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх мэдээлэл.
6.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
6.3.1.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, уг шийдвэр болон хурлын тэмдэглэлд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна;
6.3.2.мэргэжлийн нэгдсэн холбооны бүтэн болон товчилсон нэр;
6.3.3.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм;
6.3.4.мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүдийн бүртгэл, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
6.3.5.энэ хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан гишүүнчлэл, зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтыг нотолсон баримт бичиг;
6.3.6.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
6.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг энэ хуулийн 6.3-т заасан баримт бичгийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж болно.