10 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэл
10.1.Дараах үндэслэлээр хүүхдэд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлнэ:
10.1.1.эцэг, эх хоёулаа нас барсан;
10.1.2.шүүхийн шийдвэрээр эцэг, эх хоёулаа нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;
10.1.3.эцэг, эх хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;
10.1.4.шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхийг хязгаарласан, хассан;
10.1.5.эцэг, эх хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжгүй болсон;
10.1.6.эцэг, эх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хамгаалах, асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ удаа дараа биелүүлээгүй;
10.1.7.эцэг, эх хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, хөгжилд эрсдэл учирсан.
10.2.Гэрлэлт цуцлуулсан болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийг асрамжид авсан эцэг /эх/-т энэ хуулийн 10.1-д заасан үндэслэл бий болсон нь хүүхдэд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхэд нэгэн адил үйлчилнэ.
10.3.Хүүхдийг энэ хуулийн 10.1.5, 10.1.6, 10.1.7-д заасан үндэслэлээр гэр бүлээс нь тусгаарлаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулсан бөгөөд хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
10.4.Энэ зүйлд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн хөрөнгө, өвлөгдөх хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож, хяналт тавих асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.