12 дугаар зүйл. Хүүхдийг асралт гэр бүлд асруулах

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хүүхдийг асралт гэр бүлд асруулах

12.1.Асралт гэр бүл болох хүсэлт гаргасан хүний гэр бүлийн мэдээллийг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага бүртгэн авч, тухайн гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийнэ. Нөхцөл байдлын үнэлгээгээр тухайн гэр бүл асралт гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой нь тогтоогдсон тохиолдолд сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно.

12.2.Хүүхдийг асралт гэр бүлд асруулахаар шилжүүлэхдээ тухайн гэр бүлтэй орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээг байгуулна.

12.3.Хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:

12.3.1.хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлөөр хангах;

12.3.2.асран хүмүүжүүлэгчийн эрх, үүрэг;

12.3.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг;

12.3.4.асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулал, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгох бусад тэтгэмж, хөнгөлөлт;

12.3.5.асран хамгаалуулагчийн эд хөрөнгө;

12.3.6.гэрээний хугацаа, гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, түүний үр дагавар.

12.4.Эд хөрөнгө, санхүү, эрүүл мэндийн байдлын хувьд хүүхдийг асран хүмүүжүүлэх боломжгүй, асран хүмүүжүүлж байсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, Гэр бүлийн тухай хуульд заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглосон хүнтэй хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ байгуулахыг хориглоно.

12.5.Хүүхдийг асралт гэр бүлд шилжүүлсний дараа тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл бий болсон, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан, хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээг цуцлах үндэслэл бий болсон бол хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон сум, дүүргийн Засаг дарга гэрээг нэн даруй цуцална.

12.6.Асралт гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ бий болсон бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

12.7.Асралт гэр бүлд шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах болон хууль тогтоомжид заасны дагуу бусад хангамжаар хангагдах эрх эдэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.