27 дугаар зүйл. Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалал

27.1.Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулна.

27.2.Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахдаа сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг авна.

27.3.Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, арга хэмжээнд оролцуулсан этгээд хамтран сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд, төрийн байгууллагаас улс, бүс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнд хүүхэд оролцсон бол сургуулийн удирдлага тус тус зохион байгуулна.

27.4.Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээний болон бэлтгэлийн үед багш, дасгалжуулагч нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй.

27.5.Хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ:

27.5.1.уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;

27.5.2.уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;

27.5.3.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;

27.5.4.уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;

27.5.5.уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;

27.5.6.уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт хурдан морины уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;

27.5.7.уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах.

27.6.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийн нас Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тогтоосон наснаас доогуур байж болохгүй.

27.7.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийг ослын даатгалд даатгуулсан болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавина.

27.8.Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёлын, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ.

27.9.Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын бодлогыг соёлын болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээг авна.

27.10.Хүн, хуулийн этгээд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.