29 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгаалал
29.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана.
29.2.Хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, хүүхдийн биед үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэх бөгөөд уг ажиллагааг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулахгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
29.3.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авахын өмнө дараах ажиллагааг гүйцэтгэсэн байна:
29.3.1.хүүхэд өөрийн санал, шийдвэрээ гаргахад нь шаардлагатай мэдээллийг өгөх;
29.3.2.өөрийнх нь хүсэл зориг, дэмжсэн санал, хэлсэн үг, шийдвэрээс гарч болох үр дагаврыг тайлбарлах.
29.4.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно.
29.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжилтнийг бэлтгэх, сургах, гэрчилгээжүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулна.
29.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ