30 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын тогтолцоо
30.1.Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо нь хүүхэд хамгааллын байгууллага, мэргэшсэн хүний нөөц, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хяналт-шинжилгээ, үнэлгээ, төсөв, санхүү бүхий олон талт, цогц хамтын ажиллагаанаас бүрдэнэ.
30.2.Хүүхэд хамгааллын талаар Монгол Улсын хууль тогтоомжид тусгайлан заасан тохиолдолд тухайн үйлчилгээ, үйл ажиллагаа, арга хэмжээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно.
30.3.Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй.
30.4.Ажил олгогч, хуулийн этгээд дотооддоо хэрэгжүүлэх байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
30.5.Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
Тайлбар:Энэ хуульд заасан "хүүхэд хамгааллын бодлого" гэж хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилго, зорилт, ажилтны мөрдөх ёс зүйн хэмжээг тодорхойлсон тухайн байгууллага, хуулийн этгээдээс баталсан баримт бичгийг ойлгоно.