47 дугаар зүйл. Хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын оролцоо
47.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг тухайн чиглэлээр мэргэшсэн хүн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлж болно.
47.2.Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хүн, хуулийн этгээдийн мэдээллийн санг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэж, хөтөлнө.
47.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд мэргэжлийн ёс зүйн дүрэм, нийгмийн ажлын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
47.4.Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд гэрээний үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн, хүчирхийлэл үйлдсэнийг шүүх, хүүхдийн эрхийн улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан тогтоосон тохиолдолд тухайн этгээдийг хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.
47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нөхцөл үүссэн бол хүүхдийн эрхийн улсын байцаагч тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох нотлох баримтын хамт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
47.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 47.4-т заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай хүүхдийн эрхийн улсын байцаагчийн саналыг үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.
47.7.Хүн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.
47.8.Хүн, хуулийн этгээд хүүхэд хамгааллын үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хандив өгөх, бусад хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж болно.
47.9.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад улсын байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээр хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгэж болно.
47.10.Олон улсын болон гадаад улсын байгууллага хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт судалгаа хийхийг хориглоно.
47.11.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад улсын байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлого, хүүхэд хамгааллын үйлчилгээний шаардлага, стандартад нийцсэн байна.