7 дугаар зүйл. Шуурхай тусламжийн үйлчилгээ
7.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэл хүлээн авсан, өөрөө илрүүлсэн сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн алба хаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлж, аюулыг зайлуулах, аюул учруулах нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг нэн даруй авна. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр аюултай нөхцөл байдал арилах хүртэл аюулгүй газар түр байрлуулж болно.
7.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 30.1-д заасан арга хэмжээг авч, хүүхдийг гэр бүлээс нь түр хугацаагаар тусгаарлах арга хэмжээг авна. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг шаардахгүй.
7.3.Шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн яаралтай тусламж, сэтгэл зүйн болон хууль зүйн анхан шатны зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд нэн даруй холбон зуучилна. Шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалах аюулгүйн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
7.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхэд аюултай нөхцөл байдалд ороогүй нь аюулын зэргийн болон эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон бол хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгнө.
Тайлбар:Энэ зүйлд заасан "хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон" гэж хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн, хүүхдийн зан байдал нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар нөхцөл байдалд байгааг ойлгоно.