8 дугаар зүйл. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ

8.1.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг гэр бүлийн болон гэр бүлээс нь тусдаа орчинд гэсэн хэлбэрээр үзүүлнэ.

8.2.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний хүрээнд дараах үйлчилгээг үзүүлнэ:

8.2.1.хүүхдийг асрах, өсгөн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх;

8.2.2.сэтгэл зүйн цочрол, хямрал, гэмтлээ даван туулахад нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;

8.2.3.хүүхдийн эсрэг хүчирхийллээс үүдэлтэй хүүхдийн зан авирын өөрчлөлтөд чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;

8.2.4.хүүхдийг суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон сургалт, үйл ажиллагаанд хамруулах, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх;

8.2.5.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх;

8.2.6.сургууль завсардсан хүүхдийн чадвар, хөгжлийн онцлог, сонирхлыг судалж, зохих боловсролын байгууллагад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх;

8.2.7.хүүхэд, эцэг, эхийн харилцааг сайжруулах, харилцааны зөрчил, хямралыг шийдвэрлэх сургалтад хамруулах;

8.2.8.хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн хөнгөн ажил, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, аюултай, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх;

8.2.9.амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилгоор гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэх, ажлын байранд холбон зуучлах;

8.2.10.нийгмийн халамжийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх;

8.2.11.архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй ажиллах тусгай хөтөлбөр гаргаж, үйлчилгээнд хамруулах;

8.2.12.хүчирхийллийн харилцаатай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын хөтөлбөрт хамруулах;

8.2.13.хүүхэд үрчилж авсан эцэг, эхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлага хүлээлгэх, үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, туслалцаа үзүүлэх;

8.2.14.гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлэх;

8.2.15.хууль тогтоомжид заасан бусад.

8.3.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг энэ хуулийн 18.3-т заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөний дагуу үзүүлнэ.

8.4.Энэ хуулийн 8.2-т заасан хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг нэгэн зэрэг хослуулан үзүүлж болно.

8.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон 18-21 хүртэл насны хүн зөвшөөрсөн тохиолдолд түүнд 21 нас хүртэл нь хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж болно.

8.6.Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.