21 дугаар зүйл. Чуулганы хуралдааны нийтлэг журам
21.1.Чуулганы хуралдаан нээлттэй байна.
21.2.Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан, төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
21.3.Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.
21.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 15.2-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
21.5.Энэ хуулийн 21.4-т заасан ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, энэ хуулийн 15.2-т заасан хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байна.
21.6.Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт, шаардлагатай бол хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр хуралдуулж болно.
21.7.Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн дотоод, гадаад бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.
21.8.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын холбогдох гишүүн хуралдаанд оролцож, төслийн талаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж, гишүүдийн асуултад хариулах, холбогдох тайлбар өгөх үүрэгтэй.
21.9.Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ. Хэрэв тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн ирээгүй бол уг асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.
21.10.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын дарга хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй нь холбогдох асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулан байр сууриа илэрхийлж болно.
21.11.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
21.12.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 30.1.1-д заасны дагуу аливаа хууль тогтоомжийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч ийнхүү хэлэлцээгүй нь тухайн асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй.
21.13.Нам, эвслийн бүлэг хуралдааныхаа журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.
21.14.Тамгын газар нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд тухайн хуралдаанд байлцаж мэдээлэл, лавлагаагаар хангана.
21.15.Хуульд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдааны тэмдэглэл нээлттэй байна.
21.16.Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулах эрхтэй.
21.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.
21.18.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн онцгой нөхцөл байдлын улмаас Төрийн ордонд хуралдах боломжгүй тохиолдолд чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан захирамж гаргаж, нийт гишүүдэд мэдэгдэнэ.
21.19.Энэ хуулийн 21.18-д заасан онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хуралдааныг цахим хуралдааны дэгээр явуулж болно. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан захирамж гаргаж, нийт гишүүдэд мэдэгдэнэ.
21.20.Нам, эвслийн бүлгээс хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд мэтгэлцээн явуулна.
21.21.Энэ хуулийн 21.20-д заасан тохиолдолд болон бусад үед мэтгэлцээн явуулах журмыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр тогтооно.
21.22.Хууль тогтоомжийн төслийн төрөл, онцлогийг харгалзан тухайн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр Зөвлөл тогтооно.
21.23.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан нам, эвслийн бүлгүүдэд болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд холбогдох журмыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга батална.
21.24.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох албан тушаалтан болон бусад этгээд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо, Улсын Их Хурлын хяналтын сонсгол болон хяналт шалгалтын түр хорооны сонсголд оролцож байгаа этгээд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.25.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх, асуултад хариулах, тайлбар өгөх албан тушаалтан өөрийн танилцуулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх, танилцуулах, Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.26.Энэ хуулийн 21.24-т заасан холбогдох албан тушаалтан худал мэдээлэл өгсөн, танилцуулсан гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг ажлын 5 өдрийн дотор хянаж, дүгнэлт гаргана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх албан тушаалтан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээдэд хариуцсан ажил үүргийн хувьд мэдэх ёстой, мэдэх боломжтой мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх тухай сануулж, баталгаажуулах хуудсанд гарын үсэг зуруулах ажлыг Тамгын газар зохион байгуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.28.Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг нам, эвслийн бүлэг, эсхүл 20-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан бол энэ хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.29.Байнгын хороо энэ хуулийн 22.3.6-д заасны дагуу санал боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.30.Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.8-д заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.31.Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд тооцож тухайн этгээдэд Төрийн албаны тухай 7 болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./