22 дугаар зүйл. Байнгын хороо
22.1.Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
22.2.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.
22.3.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.3.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах;
22.3.2.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.3.Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.4.хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах хүрээнд Засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үйл ажиллагаанд хяналт тавих, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
22.3.5.эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу сонсох, хэлэлцэх;
22.3.6.шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 22.3.4, 22.3.5-д заасан хянан шалгах ажлын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, биелэлтийг хангуулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой санал боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
22.3.7.Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.8.чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;
22.3.9.хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргуулах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.3.10.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
22.3.11.өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах;
22.3.12.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцуулах саналыг нам, эвслийн бүлгээс ирүүлснийг холбогдох Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол уг саналыг Ерөнхий сайдад уламжлах;
22.3.13.эрхлэх асуудлынхаа хүрээнд хуульд заасны дагуу тогтоол гаргах.
22.4.Энэ хуулийн 22.3.9-д заасан зөвлөмжийг холбогдох Байнгын хорооны хуралдаанд танилцуулна. Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тухайн дүгнэлт, дүн шинжилгээг Байнгын хорооныхоо санал, дүгнэлтэд тусгаж нэгдсэн хуралдаанд оруулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.
22.6.Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:
22.6.1.Аж үйлдвэржилтийн бодлогын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.6.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын;
22.6.3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
22.6.4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.6.5.Ёс зүй, дэгийн; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.6.6.Инновац, цахим бодлогын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.6.7.Нийгмийн бодлогын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.6.8.Төрийн байгуулалтын;
22.6.9.Төсвийн;
22.6.10.Хууль зүйн;
22.6.11.Эдийн засгийн.
22.6.12.Өргөдлийн; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.6.13.Хүний хөгжил, нийгмийн бодлогын. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./