27 дугаар зүйл. Дэд хороо
27.1.Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болно.
27.2.Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.
27.3.Улсын Их Хурал Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулна: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.3.Төрийн байгуулалтын байнгын хороонд Бүсчилсэн хөгжлийн, Ёс зүйн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.4.Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.5.Хууль зүйн байнгын хороонд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын, Хүний эрхийн; /Энэ заалтын "Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын" гэснийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
27.3.6.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд Боловсрол, шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.7.Эдийн засгийн байнгын хороонд Аялал жуулчлалын хөгжлийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад дэд хороо байгуулах, татан буулгах, тэдгээрийн дагнан хариуцах асуудлыг харьяалах Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.
27.5.Энэ хуулийн 27.3-т заасан дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.1.Агаар, орчны бохирдлын дэд хороо агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах талаарх бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.2.Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.3.Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо боловсрол, шинжлэх ухааны нэгдсэн бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.4.Бүсчилсэн хөгжлийн дэд хороо бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.5.Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.6.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.7.Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.8.Соёл, спорт, залуучуудын дэд хороо соёл, урлаг, түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, нийтийн биеийн тамир, спортын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.9.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.10.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.11.Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг; /Энэ заалтад "тагнуул болон гүйцэтгэх" гэснийг "тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
27.5.12.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.13.Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-ын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг; /Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
27.5.14.Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.15.Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөтөлбөр, хөдөө аж ахуйн хоршооны асуудлыг. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.6.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулна.
27.7.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүн нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.
27.8.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оруулна. Гишүүдийн сонгогдсон тоо адил байгаа тохиолдолд тэдгээрийн харьяалагдах нам, эвслийн бүлгийн саналыг баримтална.
27.9.Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.
27.10.Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.
27.11.Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно.
27.12.Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
27.13.Дэд хороо асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тухайн дэд хорооны нийт гишүүний олонхын саналаар шийдвэр гаргана.
27.14.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийг Төрийн байгуулалтын байнгын хороо батална.