28 дугаар зүйл. Хянан шалгах түр хороо
28.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор байгуулна.
28.2.Хянан шалгах түр хороо нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох, баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал, дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй.
28.3.Хянан шалгах түр хороо байгуулах болон түүний үйл ажиллагааны журам, тодорхой бүрэн эрх, гэрч, шинжээч, хянан шалгагчийн эрх зүйн байдал, баталгаа, холбогдох бусад харилцааг хуулиар тусгайлан зохицуулна.
28.4.Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно.
28.5.Хянан шалгах түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй:
28.5.1.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол;
28.5.2.тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол;
28.5.3.яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа эрүүгийн хэрэгтэй холбогдсон асуудлаар;
28.5.4.татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.
28.6.Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ.
28.7.Хянан шалгах түр хороо чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 37.2-т заасан зарчмыг баримтална.
28.8.Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгана.
28.9.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагч батлагдсан төсөвтөө багтаан хянан шалгах түр хорооны даргын саналыг харгалзан хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.
28.10.Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах ба тайлангаа танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно.
28.11.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй.