29 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
29.1.Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид "бүлэг" гэх/ байгуулж болно.
29.2.Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
29.3.Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.
29.4.Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 10-аас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж бүлэг байгуулахгүй.
29.5.Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт орохыг хориглоно.
29.6.Бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахгүй.
29.7.Нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдсэн бол тухайн бүлгийн дарга нь, гишүүн аль нэг бүлгээс гарсан бол энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.
29.8.Бүлгийн гишүүдийн харьяалагддаг нам татан буугдсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба тухайн намын гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулах, бусад бүлэгт орохыг хориглоно.
29.9.Сонгуульд орсон эвсэл тарсан бол эвслийн бүлэг татан буугдсанд тооцох бөгөөд түүний бүрэлдэхүүнд байсан нам 10 ба түүнээс дээш суудалтай бол түүний гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулж болно. Хэрэв тухайн нам 10-аас доош суудалтай бол гишүүд нь бусад бүлэгт нэгдэн орохыг хориглоно.
29.10.Сонгуулийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл нь нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн гэрээний дагуу нэг эвслийн бүлэг байгуулна.
29.11.Энэ хуулийн 29.10-т заасан эвслээс аль нэг нам, эвсэл нь гарсан бол тухайн эвслийн бүлгийг тарсанд тооцно.
29.12.Энэ хуулийн 29.11-д заасны дагуу эвслийн бүлэг тарсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн шинээр олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл гэрээний дагуу үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нэг эвслийн бүлэг байгуулна.
29.13.Энэ хуулийн 29.11-д зааснаар эвслийн бүлэг тарсан тохиолдолд эвслийн бүлэгт байсан нам, эвсэл энэ хуулийн 29.12-т заасны дагуу шинээр байгуулагдсан эвслийн бүлэгт ороогүй бөгөөд 10 ба түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно.
29.14.Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр сонирхлын бүлэг, зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэснийг Улсын Их Хурлын албан ёсны бүтцэд тооцохгүй.