46 дугаар зүйл. Тамгын газар, түүний эрхлэх ажил
46.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг эрхлэх үүрэг бүхий Тамгын газартай байна.
46.2.Тамгын газар үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар явуулна.
46.3.Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга батална.
46.4.Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, хүрээлэн, парламентын номын сан, музей байна.
46.5.Тамгын газар дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
46.5.1.Улсын Их Хурал, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
46.5.2.гишүүдэд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах;
46.5.3.Байнгын хороонд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;
46.5.4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл энэ хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг хянах, энэ хуулийн 13.1.14-т заасан тохиолдолд хууль зүйн дүгнэлт гаргах, төслийг зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;
46.5.5.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн зөвлөмж гаргах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.5.6.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийх;
46.5.7.Улсын Их Хурлаар тухайн жилийн төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл хэлэлцэхэд дүн шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
46.5.8.хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;
46.5.9.хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслийн эхийг барьж ажиллах;
46.5.10.батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг хийж албажуулах, нийтлэх, мэдээлэх;
46.5.11.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэлийг хангах;
46.5.12.чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;
46.5.13.гишүүн нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;
46.5.14.Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх;
46.5.15.чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн талаар болон гишүүдийн хүсэлтээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх, мэдээллээр хангах;
46.5.16.энэ хуулийн 46.5.15-д заасан асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ, баримт бичиг, материалыг гаргуулах;
46.5.17.Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;
46.5.18.парламентын номын сангийн үйлчилгээ үзүүлэх;
46.5.19.парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
46.5.20.Улсын Их Хурал, Тамгын газар,Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
46.5.21.Улсын Их Хурал, Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;
46.5.22.Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах;
46.5.23.гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороо, гишүүдэд мэдээлэх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
46.5.24.Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;
46.5.25.хууль тогтоомжоор даалгасан бусад үүрэг.
46.6.Тамгын газрын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах болон албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 54.2, 55.2-т заасан журмаар зохицуулах харилцаанд хамаарахгүй.
46.7.Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн бусад адилтгах албан тушаалаас зэрэглэл дээгүүр байхаар Улсын Их Хурал тогтооно.
46.8.Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
46.9.Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын албан хаагчийн мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно.
46.10.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эрхтэй.
46.11.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага өөрчлөгдсөн нь Тамгын газрын ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.