45 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх

45.1.Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокуророос түүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэж, халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

45.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ:

45.2.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;

45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;

45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

45.3.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 45.2.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

45.4.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

45.5.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

45.6.Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ба Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд зөвхөн тухайн дэд хорооны гишүүд оролцоно.

45.7.Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

45.8.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй бол энэ асуудлаар шийдвэр гаргахгүй.

45.9.Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

45.10.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.

45.11.Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулна.

УЛСЫН ИХ ХУРАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.