44 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа

44.1.Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

44.1.1.ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;

44.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;

44.1.3.гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

44.1.4.гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

44.1.5.Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;

44.1.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

44.1.7.хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;

44.1.8.гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;

44.1.9.аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;

44.1.10.бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;

44.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох;

44.1.12.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;

44.1.13.тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хянан шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах;

44.1.14.Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагч, ажилтныг улс төрийн үйл ажиллагаа, сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулах;

44.1.15.төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.