7 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
7.1.Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
7.2.Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.
7.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
7.4.Гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
7.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.