8 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх
8.1.Гишүүн дараах бүрэн эрхтэй:
8.1.1.хууль тогтоомжийн төсөл санаачлах;
8.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;
8.1.3.санаачилсан хууль тогтоомжийн төслийг өөрийн саналаар татаж авах, хамтран санаачилсан бол нэрээ татаж авах;
8.1.4.нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
8.1.5.Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд хуульд заасны дагуу орох, гарах. Гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс илүү хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй;
8.1.6.энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад албан тушаалд сонгогдох, нэрээ дэвшүүлэх;
8.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал, Байнгын, дэд хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ, эсхүл томилсны дагуу орж ажиллах;
8.1.8.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;
8.1.9.хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо холбогдох Байнгын хороонд ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хүргүүлэх;
8.1.10.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны хуулиар тусгайлан заасан мэдээлэл, илтгэл, тайлан хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;
8.1.11.Монгол Улсын Ерөнхий сайдыг /цаашид "Ерөнхий сайд" гэх/ огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах;
8.1.12.Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах;
8.1.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг хуульд заасан хугацаанд авах;
8.1.14.хууль тогтоомжийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан хариу өгөх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл санаачлах;
8.1.15.иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;
8.1.16.хууль тогтоомжийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;
8.1.18.онцгой чуулган зарласан бол зар хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
8.1.19.төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж, задруулахгүй байх;
8.1.20.өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;
8.1.21.Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах;
8.1.22.чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
8.1.23.гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;
8.1.24.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
8.1.25.хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах;
8.1.26.сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх.
8.2.Гишүүн бүрэлдэхүүнд нь ороогүй Байнгын, дэд хорооны хуралдаанд таслах эрхгүйгээр оролцож болно.