101 дугаар зүйл. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх
101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.